Monday, September 29, 2014

#Cloud #Service (Үүлэн тооцооллын систем)

 Cloud(үүлэн) тооцоолол гэдэг нь сүлжээнд холбогдсон програм хангамж ба виртуал хэлбэрт шилжсэн техник тоног төхөөрөмж, тэдгээрийг уян хатан удирдан зохицуулах програм хангамж болон үйлчилгээний цогц байдлыг хэлнэ.
Энэхүү тооцоолол нь хэрэглэгчдэд нөөцийг (техник хангамж, програм хангамж, сүлжээ, хадгалах байр сав гэх мэт) болон үйлчилгээг алсаас  хэрэгцээндээ тохируулан ашиглах, ашигласан хэмжээгээрээ төлбөр төлөх  боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүх хэрэгцээт програм хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернэт дэх сервэр дээр байрлуулж хэрэглэнэ. Мэдээллийн аюулгүй байдал, найдвартай байдал, арчилгаа тордлогоо зэргийг серверийг ажиллуулж байгаа компани хариуцна. Ингэснээр МТ-ийн бус аж ахуйн нэгжүүд компьютер тоног төхөөрөмж, програм хангамжийн тохируулганы асуудал дээр мэргэжлийн хүний туслалцаа дэмжлэг авах хэрэггүй болж харин үүнийг мэргэжлийн МТ-ийн байгууллага алсаас удирдан, хэрэглэгээний бэлэн байдалд байлгана.
Өөрөөр хэлбэл МТ-ийн бус аж ахуйн нэгжүүд компьютер тоног төхөөрөмж, програм хангамж  худалдаж авах, суулгах, арчилах, нууцлалыг хангах гэх мэт нэмэлт ажлуудаас чөлөөлөгдөх бол томоохон компианиуд өөрсдийн систем дээрээ маш олон жижиг хэмжээний виртуал компьютерүүдийг үүсгэн хэрэглэгчдэд түрээсэлж, ашигласан цаг, багтаамж, дамжуулсан мэдээлэл гээд олон үзүүлэлтээр  төлбөр авax шинэ боломж үйлчилгээ нээгдэнэ. Ингэснээр тэдгээр том компаниуд ашиглагдахгүй байгаа серверүүдийн хүчин чадлын тодорхой хэсгийг эргэлтэнд оруулж хөрөнгө оруулалтаа нөхөх боломжууд нээгдэж байна.

Үүлний бүтэц
Үүлэн тооцоололын дэд бүтцийг ерөнхийд нь гурван давхаргад хуваан үздэг бөгөөд үүнийг Дүрслэл 1 –д харуулсан байна. Энэ гурван давхарга нь үнэ өртөг, физик орон зайн шаардлага, арчилгаа тордолгоо, эрхийн зохицуулалт, элэгдэл хорогдол гэх мэт МТ-ийн бүхий л талуудыг тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр давхаргууд нь зөвхөн үүлний бүтцийг илэрхийлээд зогсохгүй мэдээллийн технологийн ерөнхий бүтцийг харуулж байгаа юм.
Дүрслэл 1.Үүлний үндсэн тогтолцоо
  1. Application services– Вэб хэрэглэгчдийн хувьд хамгийн танил, өргөн хэрэглэгддэг давхарга юм. Энэ давхаргад хэрэглээний програмууд хамаарагдана. Эдгээр програм хангамжууд нь үүл буюу сервер /цаашид үүлэн сервер/ дээр ажиллах ба хэрэглэгчдэд үйлчилгээ байдлаар хүрнэ.  Жишээ нь: Gmail, Google calendar, facebook вэб дээр суусан програм хангамжууд. Эдгээр програм хангамжуудын зарим үйлчилгээ үнэгүй, зөвхөн реклам зар сурталчилгаанаас ашиг олдог байж болох бол зарим нь хэрэглээнээс хамааран санхүүждэг.

Олон сая хүн зэрэг хандах боломжтой ийм вэб програм хангамжуудыг эзэмшигч компани нь үүлэнсервер дээр байрлуулсанаар цалингийн тогтолцоо, хүний нөөцийн менежмент, хамтын ажиллагаа, хэрэглэгчидтэй харилцах менежмент, бизнесийн түншлэлийн менежмент зэрэг дотоод үйл ажиллагаагаа хялбарчилж, програм хангамж, компьютер тоног төхөөрөмжийн зардлаа хэмнэх боломж нээгдэнэ. Хэрэглэгчийн хувьд програм хангамжийг суулгахаас эхлээд засвар үйлчилгээ хүртлэх бүхий л асуудлыг үүл ажиллуулж байгаа компанид бүрэн даатгаж төлнө.
  1. 2.      Platform services
Энэ давхаргад апликатион сервер дээр суудаг хэрэглээний програм хангамжуудыг хөгжүүлэх болон ажиллуулах горим, таатай орчныг бий болгох, зохицуулах үүрэгтэй үйлчилгээний програм хангамжууд агуулагддаг.
  1. 3.      Infrastructure services
Сервер, сүлжээ ба мэдээлэл хадгалах төхөөрөмж зэрэг физик тоног төхөөрөмжийг хэрэглэгчдэд хэрэглүүлснээрээ төлбөрөө тооцдог үйлчилгээг үзүүлнэ.  Үүндээ техник тоног төхөөрөмжийг виртуалчилах хэлбэрээр ашиглалт үйлчилгээнд оруулна.
 Үүлэн тооцоололын гол шинж чанарууд

Энэхүү гурван давхаргыг програм хангамжийн тусламжтай удирдаж зохион байгуулсанаар бүрэн автоматжуулсан МТ-ийн дэд системийг бий болгох, хэрэглээнд тохируулан техник тоног төхөөрөмжийн виртуал өсөлтийг цаг алдалгүй бий болгох боломжийг олгож байгаа юм. Үүлэн тооцооллын таван гол шинж чанарыг энд дурдъя.
  Үүлэн тооцоололтой холбогдуулан гарч байгаа өөрчлөлтүүд
Үүлэн тооцоололтой холбоотойгоор дараах өөрчлөлтүүд МТ-д үүсэх болно:
  1. Жилээс жилд програм хамгамжууд компьютер дээр суух нь эрс багасна. Програм хангамжууд вэб дээр суурилан, интернет хөтөч програмын тусламжтайгаар хэрэглээ нь эрс өснө.
  2. Энгийн хэрэглэгч компьютер дээр байнга анхаарах ёстой антивирус суулгах, системийн сүүлийн шинэ төлөвд байлгах, болон элдэв програм болон техник хангамжийн тохиргоог хийх шаардлага эрс багасах ба цаашилбал хэрэгцээгүй болно.
  3. МТ-ийн аж ахуйн нэгжүүдэд МТ-ийн бүрэн дүүрэн цогц үр ашигтай шийдлийг зах зээлд нэвтрүүлэх өргөн боломж нээгдэнэ.
  4. МТ-ийн мэргэжлийн бус байгууллагууд, мэргэжлийн МТ-ийн байгууллагуудаар техникийн асуудлаа шийдүүлсэнээр техникийн үр ашиггүй хөрөнгө оруулалтаас ангижирна.
  5. МТ-иин аж ахуйн нэгжүүд програм хангамжаа өртөг өндөртэй худалдаалах нь эрс багасаж, харин хэрэглэснээр нь төлбөрөө төлдөг зарчмаар олон мянган хэрэглэгчдийг татах боломж нээгдэж, ашиг орлогоо эрс өсгөх боломж нээгдэнэ.
  Үүлэн тооцооллын үр ашиг
Үүлэн тооцоолол нь эдийн засгийн хувьд их ашигтай ногоон технологи юм. Үүлэн тооцоолол дээр МТ-ийн дэд бүтэц, техник болон програм хангамжийг хэрэглэсэн түвшингээсээ хамааран  төлбөрөө төлдөг гэсэн цоо шинэ ойлголтыг МТ-д гаргаж байгаа гэдгийг дурьдсан. Одоогийн уламжлалт програм хангамжийн борлуулалт нь худалдан авах анхны үнэ болон лиценз дээр суурилан явагддаг. Харин үүлэн тооцоолол дээр хэрэглэсэн үед нь төлбөр нь бодогдож байх юм. Үүнийг жишээгээр тайлбарлая.
“New York Times” сонины /NYT/ газар зууны турш хуримтлуулсан сонины архиваа хайлттай болгох шинэ үйлчилгээ нээхийг хүсчээ. Гэтэл энэ агуу сонины мэдээллийн санг сканнeрдэн оруулж, түүнээс текст хэлбэрт шилжүүлэн хайлт хийж болох мэдээллийн сан руу шилжүүлэхэд компьютерийн маш их хүчин чадал, их хэмжээний санах ой, хадгалалтын төхөөрөмжүүд  шаардлагатай болсон байна. Үүнийг гүйцэтгэхэд багагүй хэмжээний дата төв хэрэгтэй болсон. Гэтэл энэ бүхэнд хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэхийн оронд Амазон/www.amazon.com/ гэх үүлэн тооцооллын компаний дэд систем дээрх хэдэн зуун хүчирхэг виртуал компьютеруудыг хэрэглэн, NYT сонины мэдээллийн сангаа 36  цагийн дотор хайлт хийж болох мэдээллийн санруу хувиргасан байна. Үүнд тус сонины газар хэрэглэсэн виртуал компьютерийн хүчин чадал, хэрэглэсэн цагийнхаа төлбөрийг л төлсөн. Энэ мэтчилэн  олон жишээг дурьдаж болох бөгөөд дүгнэн хэлбэл бид виртуал компьютер, програм хангамжийг түрээсээр хэрэглэх зарчмаар их хөрөнгө хэмнэх боломжтой.
Дата төвийн үйлчилгээ эрхэлж байгаа МТ-ийн байгууллагын зарцуулсан хөрөнгөө эргэн нөхөхөд гардаг асуудал бол серверүүдийн хүчин чадлыг бүрэн ашигласан үйлчилгээ явуулах, түүний техникийн найдвартай орчинг бий болгох явдал юм. Гэтэл уламжлалт дата төвийн серверүүдийн хүчин чадал бүрэн ашиглагддаггүй, сул зогссон серверүүдийн тоо их байдаг. Харин ачаалал ихтэй үед хатуу тохируулсан серверүүд виртуал бус хэлбэрээр ашиглагдах учраас серверүүд унах, цаашилбал програм хангамжийн үйлчилгээ зогсоход хүрдэг. Үүний гол шалгаан нь серверүүд физик хэлбэрээрээ хатуу тохируулагатай ашиглагдаж байгаа явдал юм. Дата төвийн үйчилгээний нэг болох хостингийн үйлчилгээ нь хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд вэб хуудас байрлуулах, түүнд хэрэглэгдэх програм хангамж, мэдээллийн баазаар хангадаг. Гадаад улс орнуудын дата төвийн хостингийн үйлчилгээ харьцангуй хямд байхад өнөөдөр манай улсад харьцангуй үнэтэй байна. Энэ нь нэг талаас техник хангамжийн хөрөнгө оруулалтаа нөхөх гэсэн бодлого боловч манай улс шиг жижиг улсад тохирсон бизнесийн үнийн бодлого биш юм. Хостингийн өндөр үнээс зайлсхийн олон хүн зэрэг ордог вэб сайтууд гадны сервер дээр суух нь элбэг байдаг. Нөгөө талаас сүлжээний хурдаас болоод үнэтэй ч гэсэн өндөр өртөг бүхий  хостингийн үйлчилгээ дотоодын компаниудаас авахад хүрдэг. Энэ нь эргээд олон нийтэд үнэгүй мэдээллийн сайт хүргэж байгаа аж ахуйн нэгж болон хувь хүний бизнест эсрэгээр нөлөөлдөг.
Үүлэн тооцооллыг ашигласан олон үйлчилгээ байдгийн нэг сонгодог жишээ нь улирлын чанартай интернет худалдааны сайтууд юм. Нэг аж ахуйн байгууллага зуны улиралд зориулагдсан хувцас, бараа материал цаашилбал зуны аялалын хэрэгслүүд интернэт дээр борлуулдаг гэж үзье. Тус байгууллага сар бүр дата төвийн үйлчилгээг 100,000 төгрөгөөр авч интернет худалдааны сайтаа байрлуулдаг гэж үзвэл жилд энэ байгуулага 1,200,000 төгрөг сайтны байршуулалтандаа төлнө. Өвлийн улиралд энэ сайтын  худалдаа эрс багасана, цаашилбал улирлаасаа хамааран борлуулалт зогсонги байдалд орно. Гэсэн ч сайт жилийн турш нээлттэй байх үүднээс хий зардал гарган сарын хостингийн үйлчилгээний хөлсийг төлнө. Харин зуны улиралд сайтын хандалт эрс өснө, ялангуяа баяр наадмын үеэр хэдэн зуун мянган хүн үйлчлүүлэхэд хүрдэг. Энэ үед сайтыг ажиллуулж байгаа сервер ачааллаа даахгүй унах, үйлчилгээ зогсох байдалд хүрэх нь виртуал хэлбэрээр тохируулаагүй серверүүдэд элбэг байдаг. Хэрэглэгчид удаан, ажиллахгүй байгаа вэб сайт руу дахин орохгүй болно.
Энэ мэтчилэн олон мянган хүн хандсан интернет худалдааны сайтууд ашиггүй ажиллахад хүрнэ. Үүлэн тооцооллын зарчмаар ажиллаж байгаа дата төвүүд уян хатан тохиргоотой виртуал серверүүдийг хэрэглэгч нартаа санал болгосноор ачаалал даах чанартай үйлчилгээ, улирлын чанартай интернет худалдааны сайтуудыг хэрэглэгчиддээ хүргэх болно. Бидний жишээн дээр хэрэглэсэн түвшингээрээ төлбөрөө хийх зарчмаар сар болгон 100,000  төгрөг биш, зуны улиралд ашигтай ажилсаныхаа төлөө нэг мөсөн 1,200,000 төгрөгийг төлөх боломж улирлын чанартай Вэб сайтуудуудад бүрдэнэ. Иймд сар болгон цувуулж хостингийн төлбөрөө авах уу эсвэл хэрэглэгчээ дэмжээд хэн хэндээ ашигтай, эргэлт сайтай хэрэглэсэнээрээ төлбөрөө хийдэг техникийн хувьд найдвартай чанарлаг үйлчилгээг үзүүлэх үү?
Монгол улсад дахь үүлэн тооцооллын хөгжил
Одоогоор Монгол улсад үүлэн тооцооллын технологийг ашигласан үйлчилгээ явуулж байгаа нэг ч аж ахуйн нэгж алга байна. Үүн дээр судалгаа шинжилгээ хийдэг байгууллага алга байна. Цаашилбал нэгдмэл ойлголт ч алга. Харин үүнийг судалж байгаа хувь хүмүүс цөөнгүй. Сургалтын хувьд ч хангалттай бус байна. 2010 оны өвлийн улирлаас Монгол Улсын Их сургуулийн Мэдээлэл Технологийн сургуульд энэ талаар хичээл сургалт нэвтрүүлж эхэлсэн. Энэ хичээлийн зорилго нь үүлэн тооцоололын үндсийг зааж сургах, энэ чиглэлийн мэргэжилтэнг бэлтгэхэд оршиж байна. Үүлэн тооцооллын талаар гүнзгийрүүлэн судлах, судалгааны ажлыг бий болгох түүнтэй холбогдсон судалгааны төслийн ажил нэн шаардлагатай. Бизнесийн байгууллагын зүгээс харвал, үүлэн тооцооллоор ямар төрлийн үйл ажиллагаа явуулах, ямар ашиг орлоготой байх талаар судалгаа байхгүй нь энэ чиглэлийн мэргэжилтэн байхгүйтэй холбоотой. Иймд үүлэн тооцооллын нарийн мэргэжилтэн бэлтгэх асуудлыг төрийн зүгээс анхааран авч үзэж, бодлогод тусгах, хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийг бий болгох хангах шаардлагатай байна. Нарийн мэргэжсэн мэргэжлийн байгууллага байхгүйн улмаас энэхүү гайхамшигтай ногоон технологийг буруу тайлбарлах, өрөөсгөл ойлгох, эдийн засгийн үр ашгийг дутуу үнэлэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь цаашид Монгол улсад МТ-ийн хөгжлийг удаашруулах,  дэлхийн МТ-ийн хөгжлөөс хоцроход хүргэнэ.
  Хэрэгцээ, шаардлага
Манай улсын хувьд МТ-ийн бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа өндөр үр ашигтай явуулах боломж хомс байсан хэвээр байна. Техник тоног төхөөрөмжийн болон програм хангамжийн үнэ өртөг өндөр, хэрэглэх хугацаа харьцангуй бага, өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлага их гарч байдаг. Гадны өндөр үнэтэй програм хангамжууд хууль бусаар үнэгүй хэрэглэгдсэнээр дотоодын програм хангаж хөгжих боломжийг хааж байна. Програм хангамжийг хөгжүүлэх хувь хүмүүс болон аж ахуйн байгуулагуудад өргөн хэрэглэгдэх боломжийг бий болгож ногоон технологийн нэвтрүүлэх шаардлага хэрэгцээ их байна. Энэ тухай нэг жишээ авч үзье. Санхүүгийн програм хангамжийг хөгжүүлдэг компани бүтээгдэхүүнээ 5000 ам доллараар 100 томоохон аж ахуйн нэгжүүдэд борлуулдаг гэж бодъё. Бүтээгдэхүүний үнээс гадна дараа нь ашигт үйлчилгээний зардал ноогдоно. Үүнээс гадна энэхүү өндөр үнийг жижиг дунд аж ахуйн нэгжүүд хүлээн авах боломж хомс. Ингэснээр борлуулалтын зах зээл хязгаарлагдмал болно.  Харин жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг ямар боломжоор татах вэ? 1000 томоохон дунд аж ахуйн нэгжүүдэд 500$ доллараар борлуулж чадвал компаний урьдын орлого буурахгүй гэсэн үг. Тэгвэл жижиг ах ахуйн нэгжүүдийг яаж татах вэ? Тэдний хэрэглээ томоохон аж ахуйн нэгжүүдтэй харьцуулбал харьцангуй бага. Тэгэхээр ийм тохиолдолд үүлэн тооцооллыг ашиглан, түүний хэрэглэсэнээр нь төлдөг зарчмыг баримталбал илүү олон шинэ хэрэглэгчийг татах боломж нээгдэнэ. Мөн програм хангамжийн хэрэглэгээний өсөлт сайжирна, цаашид зах зээл өсөх боломжтой болно. Бидний жишээгээр тэгвэл том жижиг дунд 100,000 хэрэглэгчид 50 ам доллараар борлуулбал 5,000,000 ам доллар хүрэх боломжтой. Энд борлуулалтын үнэ буурвал хэрэглэгчийн тоо өснө гэдэг зарчим үйлчилж байна гэсэн үг. Хэрэгцээ шаардлагатай холбоотой бас нэг асуудал бол олон мянган хэрэглэгчийн зэрэг хандалтыг даах чадвартай дэд системийг яаж бий болгох вэ гэдэг асуудал байдаг. Үүнд үүлэн тооцоолол виртуалчлах технологийн тусламжтай оновчтой шийдэл гаргаж байгаа юм.
 Баримтлах зарчим
Үүлэн тооцооллыг хөгжүүлэхэд анхаарах хүчин зүйлүүдийгдурдъя.
  • Энэхүү технологийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжийн хувьд техник хангамжийн тал дээр нилээд хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд үүндээр хөрөнгө оруулалтын эргэн төлөгдөх боломжийг бий болгох үүднээс бодлогоор үүлэн тооцооллын  provider-ийн тоо хэмжээг лиценз ашиглан зөв зохистой зохицуулах.
  • Үүлэн тооцооллын үндсэн ойлголт болох хэрэглэсэнээр нь төлбөр тооцоог гүйцэтгэж байх нөхцлийг бий болгох, мэргэжлийн байгууллагын хяналтанд байлгах.
  • Үүлэн тооцооллын систем дээр байрлаж байгаа мэдээллийн нууцлалын төвшин  болон хандах хандалтын горимыг зөв зохистой тодорхойлж эрх зүйн орчин бүрдүүлэх.
  • Үүлэн тооцооллын технологийг хурдацтай хөгжүүлэх үүднээс үүнтэй холбоотой техник хангамж нийлүүлж байгаа аж ахуйн нэгжид ноогдох гаалийн татвар болон бусад татвараас хөнгөлөх цаашилбал тодорхой хугацаанд бүрэн чөлөөлж дэмжлэг үзүүлэх.
  • Үүлэн тооцооллын програм хангамжийн хөгжүүлэлтээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвар болон бусад татвараас хөнгөлөх цаашилбал тодорхой хугацаанд бүрэн чөлөөлж дэмжлэг үзүүлэх
  • Их дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөнд үүлэн тооцооллын чиглэлийн хичээлүүдийг тусгах, нарийн мэдлэг эзэмшүүлэх болон хичээлийн гарын авлага, ном сурах бичгийг бий болгоход төр засгаас бодлогоор дэмжих.
  • Энэ чиглэлийн мэргэжлийн суурь судалгааны төсөл хэрэгжүүлэхэд санхүүгийн  дэмжлэг үзүүлэх.
"Facebook, Google, Wikipedia" илэрцүүдээс сийрүүлэн бичлээ.

No comments:

Post a Comment